ГЭРЭЛТЭЙ ЦОНХ /Бодит амьдралаас сэдэвлэв/
Хаврын шөнийн тэнгэр нам гүмхэн, энд тэнд анивчсан оддын гялалзаан цонхоор удаан гэгч ширтэн зогсох Алимаагийн сэтгэлийг өчүүхэн ч атугай тайтгаруулахыг хичээх мэт. Эргэн тойрон тас харанхуй байхыг бодвол хажуу айлууд амраад багагүй хугацаа өнгөрсөн аж. Гагцхүү Алимаагийн гэрийн цонх шөнөдөө үргэлж гэрэлтэй байдаг нь алсаас ажиглах хэн нэгэнд өөрийн эрхгүй бодол төрүүлнэ. Энэ айлын хэн нэгэн харанхуйгаас айдаг юм болов уу, эсвэл байнга үүр цайтал сууж ажилладаг хэн нэгэн байдаг юм уу, цахилгааны төлбөрт санаа үл зовох чинээлэг баян айл уу…?
Байнгын гэрэлтэй, цаашид ч гэрэлтэх цонх… Ямартай ч энэ цонх шөнөдөө байнгын гэрэлтэй байгаад долоон жил, тухайлбал 2520 хоногийн нүүр үзжээ. Алимаа ертөнцийн амьд бүхэн амгалан тайван гүн нойрссон хав харанхуй шөнөөр энэ л цонхоор оддыг ширтэж, удаан гэгч нь санаа алдах нь их.
Тиймээ, долоон өвөл, долоон зун ард хоцорчээ. Энэ хугацаанд Алимаа юу эс үзэв. Хүний хувь тавиланг урьдчилан таамаглах, тааварлашгүй энэ хорвоод маргааш юу тохиолдох нь зөвхөн бурханы мэдэлд байдаг жам юм даа.
Тэр нэгэн өдрийг Алимаа мартаж чаддаггүй. Учир нь амьдралыг нь орвонгоор эргүүлсэн, хүсэл хясал давхацсан тийм нэгэн мөч байлаа.Алимаа их сургуульд он удаан жил ажилласан нэр хүндтэй багш бөгөөд ОХУ-д докторын сургалтыг дүүргэсэн, эрдмийн ажлаа бичээд дуусах шатандаа явж байгаа судлаач билээ. Тэрээр дөрвөн хүүхдийн эх, нөхөр нь мөн адил төрийн албан хаагч ажилтай. Тэд хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан, эвтэй найртай, аз жаргалаар дүүрэн гэр бүл.
Ойрд дотор нь муухайрч, нойрмоглох нь ихсэж, ядрангуй байсан нь түүний хэвлийд тав дахь үр нь тогтсоныг илтгэнэ. Үүнийг мэдсэн тэдний гэр бүл бөөн баяр хөөр болж билээ.
Гэтэл үр хөврөлийн 36-37 долоо хоногтойд хэвлийгээр гэнэт мушгиралдан өвдөж таагүй шинжийг мэдэрсэн байлаа. Өвдөлт улам хүндэрч хурдхан хэт авиан оношилгоонд орж, учрыг мэдэхээр шийдлээ. Тэрээр эмнэлэг явж байхдаа сэтгэл санаа тавгүйтээд, нэг л муу зөн совин татаад байгаагаа мэдэрч байв. Эмч түүнд зөөлнөөр:
-Хүүхдийн тань өсөлт хэвийн, сайн байна. Гэхдээ таны хүүхдийн тархины ус хэвийн хэмжээнээс хоёр дахин их байна гэв. Байнгын эмчийн хяналтанд байж, жирэмсэний таваас долоон сартайд үзүүлж байхад:
-Хэвийн гэж эмч тодорхойлж байсан шүү дээ? Өнөөдөр гэв гэнэт юу болчихов, яагаад? яагаад? гэдэг асуулт өөрийн эрхгүй тойлгойг гашилгана. Эмчийн зөвлөснөөр орон нутагт эмчлэх боломжгүй учраас яаралтай Эх нялхсын эрүүл мэндийн төвдочиж үзүүлэх шаардлагатай болов. Нөхөр нь нялх нойтон дөрвөн хүүхдээ асран үлдэж, ганцаар Улаанбаатарыг зорилоо. Алимаа Эх нялхсын эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхэд, хэвлий дэхь бяцхан үрийг нь “Тархины усжилттай” гэж оношилж, улмаар:
-Таны хүүхэд амьд төрөх магадлал тун бага байна. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай хэмээн аргадахад тэнгэр нурах шиг болсон. Хүүхдээ эсэн мэнд нарт хорвоод мэндлээсэй гэсэн эхийн хүсэл хязгааргүй…
Удалгүй төрөх хугацаа болж, Эх нялхсын эрүүл мэндийн төвд эсэн мэнд амаржлаа. Хүүхэд эсэн мэнд төрсөн хэдий ч “Тархины усжилттай” гэсэн онош хэвээр… Алимаа хөгжлийн бэрхшээл гэгч хаалга тогшилгүй орж ирдгийг нүдээр үзэж, биеэр мэдэрч, хатуу үнэнтэй нүүр тулан хүлээн зөвшөөрөв.
Ийнхүү тэдний хувьд энгийн байсан бүхэн орвонгоор эргэж, хаана, хэрхэн, яаж эмчлүүлэх тухай бодол гагцхүү толгойд нь эргэлдэж, хамаг бүхнээ эмзэг бяцхан хүүдээ зориулав. Монголд эмчлэгдэх боломжгүй нь тодорхой болсон тул бусад гадаад улс оронд эмчилэх боломжтой эсэхийг өдөр шөнөгүй эрэлхийлж судалж байлаа. Уйгагүй хайсны эцэст Казахстан улсад хагалгаа хийх боломжтойг мэдэж, таван сартай хүүгээ аваад зорин очтол аль хэдийн оройтсон байлаа. Хүүхэд төрөнгүүт энэхүү хагалгаа хийдгийг Казахстаны эмч нараас сонсоод сэтгэл дотроо харамсан шаналсаар. Манай улсад насанд хүрсэн хүний тархины мэс засал сайн хөгжсөн боловч бага насны хүүхдийн тархины мэс засал хараахан хөгжөөгүй нь гунигтай бөгөөд харамсалтай …
Гэвч Алимаа дахиад эмчилгээний эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр… Ашгүй нэг эерэг хариу Өмнөд Солонгосын эмнэлгээс иржээ. Бөөн баяр…
Гэвч төлбөрийн хэмжээ 20.000 ам.доллар гэнэ. Одоо мөнгөний эрэл. Энэ их мөнгийг яаж олно доо…
Зорьсон ёсоороо Өмнөд Солонгост найман сартай хүүгээ дагуулан дурангийн хагалгаанд орлоо. Хэсэг газрын бөөгнөрсөн усыг тархины бусад хэсэгт жигд тараах хагалгаа амжилттай болов. Гэвч бяцхан хүүгийн тархины ус тунгалаг биш, булингартай байсан тул хэсэг хугацааны дараа дахих магадлал байгаа тухай эмч таагүй мэдээ дуулгалаа. Хэд хэдэн сайн гэх эмнэлэгт үзүүлж, тархины нарийн шинжилгээ хийлгэсэн ч Солонгос эмчийн хэлсэн үнэн байлаа. Цаашид дахин дахин хагалгаанд оруулах шаардлагагүй, байнгын асаргаанд байлгах нь тодорхой болсон тул Алимаа сэтгэлээр унаж, итгэл алдрав.
Түүнийг “Миний хүү тав, арав, хорин жилийн дараа хэн болох вэ, бид яах билээ?” гэдэг асуулт зовоож, өөрийн эрхгүй гол зурна. Хүү өвчлөмтгий, өдөр шөнөгүй уйлагнана, шөнөжин бүүвэйлүүлнэ, хүүг тайтгаруулна, аргадана, хооллоно…Өдөр хоног үргэлжилсээр… Цонх гэрэлтэй хэвээр…
Бяцхан хүүд эцэг эхийн байнгын хайр халамж, хараа хяналт, асаргаа сувилгаа хэрэгтэй бөгөөд үүнийг эцэг эхээс өөр хэн нэгэн орлох боломж огтхон ч байхгүй билээ. Алимаа өөрт оногдсон амьдралын энэ том сорилтыг даван туулахын тулд бодол санаа, бие сэтгэлээ дайчилж, улмаар энэхүү сорилтыг тэрээр ганцаараа биш, Монгол Улсын хэмжээнд буй 12.324хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх даван туулж байгаа гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн юм. Өөрийн хүү шиг хүүхдүүд хэр байгаа бол, тэдний асаргаа сувилгаа, амжиргаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмждэг байгууллагууд байдаг эсэх, өөртэй нь зовлон нэгтэй хүмүүсийн хөгжил, боловсролд өчүүхэн ч атугай өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн чин сэтгэлийн хүсэлдээ хөтлөгдөн ажил мэргэжлээ солихоор шийдлээ.
Алимаа Их сургуулийн багшийн ажлаа бас эрдмийн ажлаа ч орхив. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ. Алимаад хүүтэйгээ адилхан олон хүүхдэд, өөртэй нь адил олон аав ээж нарт туслах гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн орон нутагт шинээр эхэлсэн ОУБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөлд ажиллах болов. Амьдарч буй өөрийн орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар бие даан дэлгэрэнгүй судалгаа хийснээр тэдний талаас илүү хувь нь боловсролд хамрагдаж чадаагүй, эцэг эхийн хувьд хүүхдээ хөгжүүлэх талаар мэдлэг тааруу мөртлөө хүүхдийнхээ халамжийн мөнгө, тэтгэмж тэтгэврийг авах сонирхол давамгайлсан байдгийг хараад сэтгэл нь өвдөв. Эрх нь зөрчигдсөн ийм хүүхэд хичнээн олон байгаа бол гэхээс зүрх нь шимширнэ.
Алимаа орон нутагтаа байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ирээдүйн төлөө ихийг хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байгаа нь хонгилын үзүүрт гэрэл асаж байгаа мэт санагдана. Гэрэлтэй цонх бүр унтаж өглөөний нарны гэрлийг амар тайван угтах амьдрал бидний урд бий гэдэгт бүгд итгэнэ.